ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин тэргүүтэй төлөөлөгчид дөнгөж сая Буянт-Ухаа дахь “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа. Монгол Улсад ажлын айлчлал хийхээр Японоос шууд ирж буй ноён В.Путин тусгай үүргийн нисэх онгоцоор Монголд хүрэлцэн ирээд байна. Гэхдээ тэрбээр төлөвлөсөн хугацаандаа буюу 14.30 цагт онгоцны буудалд хараахан буусангүй, хоцорч Улаанбаатарт газардлаа. В.Путины хөлөглөж яваа тусгай үүргийн онгоц газардахаас өмнө сэтгүүлчдийн багийнхны сууж явсан онгоц түрүүлж Монголд ирсэн юм.
В.Путины Монгол дахь айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын Тээвэр, Хөдөө аж ахуй, Эрчим хүчний сайд нар, Гадаад харилцааны дэд сайд, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Халимагийн Ерөнхийлөгч, Тувагийн Засгийн газрын тэргүүн нарын зэрэг албаны 30 гаруй хүн, 60 гаруй сэтгүүлч багтаж байна. Харин ОХУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монголын талаас 100-гаад сэтгүүлч ажиллах юм.
Айлчлалын хуваарь ёсоор В.Путин Төрийн ордонд ирсэн даруйдаа эхлээд Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяртай ганцаарчилсан уулзалт хийх бол дараа нь хоёр улсын ерөнхий сайд хэлэлцээ хийх ажээ. Харин үүний дараа Төрийн ёслол, хүндэтгэлийн танхимд баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно. Ноён В.Путин эдгээр арга хэмжээний дараа Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчидтай уулзах юм байна. Айлчлалын эргэн тойрон дахь мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.
Дашрамд сонирхуулахад, Японд айлчлал хийгээд шууд Монголд ирж байгаа бөгөөд Японд айлчлахдаа хоёр орны хооронд цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар гэрээ байгуулж, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралаас улс орнууд дан дангаараа гарахад хэцүү тул хөршүүдтэйгээ хамтран ажиллаж эдийн засгаа сэргээх гарц олно гээд Япон, ОХУ хоёр мөн дулааны эрчим хүч, мэдээллийн технологи, сансар судлал, нанотехнологи, эрчим хүч хэмнэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, газар нутгийн маргаантай асуудлыг ч эв найртайгаар зохицуулахыг чармайхаа мэдэгджээ.